2010-06-04
Шүлэг
Ш. Гvрбазар

               Би Монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно оо

Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр нь хөлөө гоёдог
Хvрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр нь харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор нь хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйрын чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй сахиус шиг явлаа гээд
Галын хэртэй дvрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ хорвоог уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд
Ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар үйлтэй нартай хорвоод
Сүүдрийг нь гатлаж чадах биш

Гэхдээ би
Агтны морьтой Монголдоо
Амгайн чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юмаа
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь ээ
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог.


Бичсэн: vlinder | цаг: 03:49 | шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax